Ерөнхий консул Жигмэдийн ЭНХЖАРГАЛ Оросын Холбооны Улсын Эрхүү хотын дарга Руслан Николаевич Болотов-тай уулзав

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Жигмэдийн ЭНХЖАРГАЛ 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Оросын Холбооны Улсын Эрхүү хотын дарга Руслан Николаевич Болотов-тай уулзаж Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хийх ажлуудыг эрчимжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

Эрхүү хотын дарга Руслан Николаевич Болотов Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ-аас зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллахдаа таатай байхаа илэрхийлэв.

Хэрэгжүүлсэн ажлууд:

- Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академч Б.Ширэндэвт зориулсан дурсгалын самбарыг түүний сурч төгссөн Эрхүүгийн багшийн их сургуулийн гадна талд байрлуулсан. 
- “Монгол-Орос хамтдаа 100 жил” найрамдлын буухиа онлайн уулзалтанд Эрхүү хотын дарга  Руслан Николаевич Болотов болон Ерөнхий консул Ж.Энхжаргал оролцож үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн.
- Эрхүү хотын музейд манай хоёр орон, ард түмнүүдийг түүхэн үйл явдлыг харуулсан зураг, үзмэрүүд байрлуулсан байна.

Хэрэгжүүлэх ажлууд:

- Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Монгол Улс, монголын ард түмний оросын ард түмэнд үзүүлсэн тусламж дэмжлэгийг харуулсан залуу үеийнхэнд зориулсан тэдний сонирхол татах хэлбэрээр цахим кино хийх
- Соёлын харилцаа, солилцоогоо өргөжүүлэх
- Оюутан, сурагч солилцоог нэмэгдүүлэх, эрчимжүүлэх
- Эрхүү хотод Монголын худалдаа-соёлын төв байгуулах
- Монголын залуу зураачдын үзэсгэлэнг Эрхүү хотод гаргах
- Эдийн засгийн харилцаа, холбоогоо өргөжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг болно.