Гадаад оюутнууд ОХУ тухайн оронтой агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамааран ОХУ-д суралцахаар ирэх боломжтой болсон байна.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу, гадаад оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулах журмыг боловсруулж дуусгасан тухай Дээд боловсролын системийг шинэ хичээлийн жилд бэлтгэх зөвлөгөөний үеэр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мэдэгдэв. Гадаад оюутнууд ОХУ тухайн оронтой агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамааран ОХУ-д суралцахаар ирэх боломжтой болсон байна.

Вакцинжуулалтын хувьд гадаад оюутнуудад Оросын оюутнуудтай ижил дүрэм үйлчлэх бөгөөд эрүүл мэндийн албан журмын даатгалтай гадаадын иргэд бүртгэгдсэн вакцинуудаас алийг нь ч хийлгэх боломжтой байх бол бусад нь «Спутник лайт» вакцинд хамрагдах боломжтой юм байна.

Валерий Фальков: «Гадаадын оюутнуудад Оросын оюутнуудтай ижил дүрэм үйлчилнэ: насанд хүрээгүй иргэд вакцинд хамрагдахгүй, насанд хүрсэн бол зөвхөн өөрийн зөвшөөрлөөр хийлгэнэ» гэжээ.

Энэ оны 9 дүгээр сараас ОХУ-ын 710 их, дээд сургууль сургалтаа энгийн горимоор эхлүүлж байгаа бөгөөд, 4,22 сая оюутан суралцагчид хичээлд хамрагдана. Ихэнх сургалтын байгууллагууд уламжлалт хэлбэрээр буюу танхимаар сургалт зохион байгуулна, гэвч шаардлагатай тохиолдолд зайн сургалт руу шилжих бэлтгэл хангасан байна.

Харин оюутнууд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран лаборатори, семинар, лекцэд хамрагдах, биеийн тамирын заал, усан бассейнд орох, дотуур байранд байрлах эрхтэй байх болно гэдгийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков хэлэв.

Эх сурвалж: ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам https://minobrnauki.gov.ru/press-center/news/?ELEMENT_ID=38939