images

ОХУ-д зорчиж буй иргэдийн мэдэж байх анхаарвал зохих зүйлс:

Зөвлөмж

2023-05-16

106

1. ОХУ-ын хилээр нэвтрэхэд бөглүүлдэг “хил нэвтрэх хуудас” (миграционная
карта)-ны өөрт буцаан олгогдсон хэсгийг хаялгүй хадгалж, ОХУ-ын хилээр
буцаж гарахдаа хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудад шалгуулж
гардаг болохыг анхаарна уу. “Миграционная карта”-г хаяж үрэгдүүлсэн
тохиолдолд оршин сууж буй газрынхаа ОХУ-ын ДЯЯ-ны харьяа
байгууллагад 3 хоногийн дотор хандан нөхөн олгуулж авах үүрэгтэй.
2. ОХУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлэх зөрчил гаргавал захиргааны
хариуцлага хүлээж торгууль төлөх, улмаар зарим тохиолдолд албадан
гаргагдаж, ОХУ-ын хилээр буцаж нэвтрэх эрхийг 5 хүртэл жилийн
хугацаатай хасах шийтгэл оногдуулдгийг анхаарна уу.
3. ОХУ нь тодорхой бүс нутагт “Цэргийн тусгай ажиллагаа” явуулж буйтай
холбогдуулан тус тусгай ажиллагааны тухай болон ОХУ-ын цэрэг, армийн
тухай үндэслэлгүй мэдээлэл тараахыг хуулиар хориглосон байгааг анхаарч
орон нутгийн иргэдтэй тухайн сэдвээр хэлэлцэж, ярилцахаас зайлсхийх
хэрэгтэй.
4. Зорчиж буй орны соёл, оршин суугчдынх нь ёс заншлыг хүндэтгэж
харилцахад анхаарна уу.
5. Тухайн улсад зорчиж байх үед өөрийн эрхийг ямар нэг байдлаар зөрчигдсөн
гэж үзэж буй тохиолдолд орон нутгийн хууль хяналтын байгууллагад хандах,
шаардлагатай тохиолдолд орчуулагч хүсэх эрхтэй.
6. Эмчилгээний зорилгоор зорчиж буй манай иргэд эмчлүүлэх хугацаандаа
визээ сунгуулах шаардлага гарсан тохиолдолд тухайн эмнэлгийн
байгууллагын тодорхойлолттойгоор цагаачлалын албанд хандах
шаардлагатай.
7. Ажил хэргийн шугамаар зорчиж буй иргэд орон нутгийн аж ахуйн нэгжтэй
гэрээ байгуулж бараа, үйлчилгээ авахдаа мэргэжлийн байгууллагын
зөвлөлгөө авах, мэргэжлийн орчуулагчаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Байгууллага хооронд гэрээ байгуулж, төлбөр тооцоо хийж буй тохиолдолд
төлбөрийг аль болох бэлнээр хийхээс зайлсхийх нь зүйтэй. ОХУ-ын хилээр
нэвтрэхэд зөвшөөрөгдөх хэмжээний бэлэн мөнгөний хэмжээг хэтрүүлэхгүй
байхад анхаарна уу.
8. ОХУ-д удаан хугацаагаар оршин суухад дараах үндэслэлүүд шаардагдана.
Үүнд тухайн улсад хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, тухайн улсын иргэн
болон тухайн улсад байнга оршин суух эрхтэй гадаад улсын иргэн болон
харьяалалгүй этгээдтэй гэр бүл болох, удаан хугацаанд эмчлүүлэх зэрэг
тохиолдолд ОХУ-ын цагаачлалын хуулийн шаардлагын дагуу цагаачлалын
албанд хандаж зөвшөөрөл авна.
9. Оюутнуудын хувьд хичээлийн жилийн хугацааны дагуу оршин суух эрх
олгогддог учир шалгалтаа хоцроож өгөх, шалгалтын өртэй амралтаар нутаг
буцсан зэргээс болж дараагийн хичээлийн жилд эргэн ирэхэд зарим
тохиолдолд виз сунгахгүй байх зэрэг хүндрэл гардгийг анхаарч байх
хэрэгтэй.
10. ОХУ-ын цагаачлалын хуулийн дагуу гадаад улсын иргэн нь хил нэвтэрснээс
хойш 7 хоногийн дотор оршин суух газрынхаа цагдаагийн байгууллагад
мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй болно.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ