images

Эрхүү хотод суралцагч монгол оюутнуудын 2024 оны анхны хурал болов

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-03-05

88

ОХУ-ын Эрхүү хотын 7 их, дээд сургуульд суралцаж буй нийт монгол оюутны хурал 2024 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Байгалийн Улсын их сургуулийн “Художественный” танхимд болж, нийт 98 оюутан оролцлоо. Хурлын чиглүүлэгчээр Байгалийн Улсын их сургуулийн аспирант Б.Байгалмаа хөтлөн ажиллав.

Энэ үеэр Москва хотноо болсон Бүх Оросын Оюутны хөдөлмөрийн отрядын “Труд Крут 20 жил” чуулга уулзалтад оролцсон талаараа Б.Байгалмаа (БГУ-ын аспирант), Б.Ариунболд (БГУ-ын оюутан) мэдээлэл хийв. Дараа нь ОХУ-ын Эрхүү мужийн “Оюутны хөдөлмөрийн отряд” (РСО)-ын удирдагч О.Баранова болон хөдөлмөр эрхлэлт хариуцсан ажилтан В.Ушакова нар байгууллага, оюутны зуны хөдөлмөр эрхлэлтийн талаар танилцуулж, оролцох хүсэлтэй оюутан залуусын асуултад хариулан, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэх, сургалтад хамрагдах болон хөдөлмөрийн хөлсний талаар тодорхой мэдээлэл өгч, манай оюутнуудаас зуны хөдөлмөр эрхлэх, ажиллах хүсэлтэй эсэх талаар санал авлаа.

Хөтөлбөрийн дагуу Эрхүү хот дахь Монгол оюутны холбооны төлөөлөл (7 сургууль) - Зөвлөлийн гишүүд болох Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийн оюутан Ш.Нарангэрэл, Эрхүүгийн Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан Б.Сувд, Эрхүүгийн Хуульзүйн дээд сургуулийн оюутан Г.Буян-Эх, Байгалийн Улсын их сургуулийн оюутан Б.Мөнхболд, Эрхүүгийн Улсын их сургуулийн оюутан Н.Цэрэндэжид, Эрхүүгийн Үндэсний шинжлэх ухааны судалгаа, техникийн их сургуулийн оюутан Г.Цэлмэг, Эрхүүгийн Зам, харилцааны их сургуулийн оюутан Б.Итгэл нарыг нийт оюутанд танилцуулав.

Эрхүү дэх Монгол оюутны холбооны тэргүүнийг сонгох санал хураалт явуулж Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийн оюутан Ч.Буяндэлгэр 70 хувийн саналаар сонгогдлоо.

Хуралд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Ж.Энхжаргал хүрэлцэн ирж оюутан залууст хандан үг хэлэхдээ сурлага, хөдөлмөртөө идэвх, чармайлт гаргах, хувь хүний хариуцлагаа дээшлүүлэх, орос хэлний мэдлэгээ сайжруулж гадаад хэл, сурч буй мэргэжлээ төгс эзэмшихийг эрмэлзэх, улс орноо хөгжүүлэхэд өөрийн  сайн сурлагаараа хувь нэмрээ оруулан амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөж, нийт оюутнуудын хамт дурсгалын зураг татуулав.

Эрхүү хот дахь Монгол оюутны холбооны Тэргүүнээр сонгогдсон Ч.Буяндэлгэр, Зөвлөлийн гишүүд, нийт оюутнуудад цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!