ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖИЙН ЗАХИРАГЧ И.И.КОБЗЕВЫН УРИЛГААР ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТЖАРГАЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ.
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 04 дүгээр сарын 14-17-нд Эрхүү хотод ажлын айлчлал хийж, Эрхүү мужийн захирагч И.И.Кобзевтэй уулзалт хийв. Уулзалтад Эрхүү мужийн Засгийн газрын гишүүд холбогдох албаны хүмүүс оролцов.
Талуудын 2023 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүнг хэлэлцэж, боловсрол, соёл, урлаг, спорт аялал жуулчлалын чиглэлээр хүрсэн амжилтаа бататгах, ахиулах талаар санал солилцов. Засаг дарга О.Батжаргал Эрхүү мужийн Тальцы музейд иж бүрэн гэр бэлэглэж, төлөөлөгчид “Мөнхийн гал” дурсгалын цогцолборт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
Засаг дарга О.Батжаргал тэргүүтэй төлөөлөгчид Эрхүү хотын Анагаахын Их Сургууль, Үндэсний судалгаа техникийн их сургууль, Ерөнхий боловсролын 19, 44 дүгээр сургуулийн удирдлагатай уулзаж санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж болох хөтөлбөр, арга хэмжээний талаар тодорхой саналууд дэвшүүлсэн бөгөөд сурагч солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцлоод, Эрхүү мужаас орос хэлний багш нарыг жилийн хугацаагаар Дорноговь аймгийн сургуулиудад багшлуулах, тэдгээр багш нарын ажиллах хугацааны бүх зардлыг аймаг орон нутгийн төсвөөс гаргах, цахилгаан дулааны инженер, эмч эмнэлгийн ажилтан, экологи байгаль орчны чиглэлээр оюутан сургах хүсэлтээ илэрхийлэх зэргээр үр дүнтэй яриа өрнөж энэ чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллахаар тохиров.
Төлөөлөгчдийг Ерөнхий консул Б.Ичинхорлоо хүлээн авч уулзан Эрхүү муж, Дорноговь аймгийн хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэн ярилцсан бөгөөд Засаг дарга О.Батжаргал ЕКГ-ын хамт олонд айлчлалыг амжилттай зохион байгуулсан явдалд талархал илэрхийлэв.