images

Мэндчилгээ

Ерөнхий консулын мэндчилгээ

2024-11-08

278

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын цахим хуудсанд саатан морилж буй Танд талархал илэрхийлье.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 103 жилийн ойн мэндийг хүргэе.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор ЗСБНХУ-ын Эрхүү хотноо 1971 онд Ерөнхий консулын газрыг нээн ажиллуулж эхэлсэн билээ.

Манай консулын тойрогт Эрхүү муж, Бүгд Найрамдах Саха (Якут) Улс, Красноярскийн хязгаар, Кемерово мужууд хамаардаг бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Венийн конвенц, холбогдох бусад олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хариуцсан консулын тойрогт оршин суугаа монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах үндсэн чиг үүрэгтэй.

Түүнчлэн консулын тойрогт албан болон хувийн хэргээр зорчигч монгол иргэдэд консул, нотариат, иргэний бүртгэлийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай үзүүлэхэд анхааран  ажиллахын сацуу монгол түмний уламжлал, үндэсний бичгийн хосгүй үнэт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, суугаа орондоо төдийгүй дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор олон улсын болон хоёр талын үзэсгэлэн, форум, хүмүүнлэгийн арга хэмжээнд дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс оролцоход дэмжлэг үзүүлэн ажилласаар ирсэн, цаашид ч энэ чиглэлээр ажиллах болно.

Эрхэм уншигч Таны өмнө манай Ерөнхий консулын газрын үүд хаалга үргэлж нээлттэй байх бөгөөд энэхүү цахим хуудаст зочилж, бидний үйл ажиллагаа болон цаг үеийн мэдээ, мэдээлэлтэй танилцаж байна гэдэгт итгэл төгс байна.

 

Хүндэтгэсэн:

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа

Ерөнхий консул Б.Ичинхорлоо