images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ерөнхий консулын газрын мэдээ

2022-10-13

119

Монгол Улсын иргэд тус ОХУ-ын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо суугаа орны хууль тогтоомж, ялангуяа замын хөдөлгөөний дүрмийг нарийвчлан сахилгүй анхаарал болгоомжгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчиж байгаагийн улмаас зам тээврийн осол, зөрчилд орох, өртөх, улмаар эрүүл мэнд, эд материал төдийгүй амь насаараа ч хохирох явдал гарч байна. Тухайлбал 2022 оны 10-р сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Эрхүүгээс Улаан-Үд орох замын зорчих хэсгийн (Байгалийн автозам) 96 дахь км-т мах тээвэрлэж явсан том оврын автомашины жолооч аюултай замд хурдаа тохируулаагүй, огцом эргэлтэд тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйгээс замын бетон хашлага мөргөн онхолдож жолооч болон дотор нь зорчиж явсан иргэн Б, С нар газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав. Уг автомашины чиргүүлийн бүх дугуйн тоормос ажиллагаагүй байсныг орон нутгийн замын цагдаагийнхны урьдчилсан дүгнэлтээр тогтоогоод байна.

Мөн 2022 оны 10-р сарын 3-ны өдөр Красноярскийн хязгаарын Ачинск хотын ойролцоо Монгол Улсын иргэн Д-ийн жолоодож явсан том оврын ачааны автомашин зам тээврийн осолд орж, түүнтэй мөргөлдсөн автомашиныг жолоодож явсан ОХУ-ын иргэн-жолооч нас барсан хэрэг бас гарлаа. Монгол Улсын иргэн О нь 2020 оны 7-р сарын 15-ны өдөр Байкальск хот орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ эсрэг урсгалд явсан мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргаж, эл ослын улмаас мотоциклийн жолооч ОХУ-ын иргэн газар дээрээ амь насаа алдаж хамт зорчиж явсан иргэн нь хүнд гэмтсэн. Монгол Улсын иргэн О нь 2020 оны 5-р сарын 25-ны өдөр Эрхүү мужийн Шелехово хот орчимд зам тээврийн осолд орж бэртэж гэмтсэн. Иргэн Б нь 2020 оны 11-р сарын 5-ны өдөр Красноярск хязгаарын Уярский дүүрэгт том оврын тээврийн хэрэгсэл жолоодох үедээ зам тээврийн осол гаргаж, осолд өртсөн орос жолооч нь амь насаа алдсан бол иргэн М Эрхүү хотод 2022 оны 6-р сарын 19-ний өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчин гарцгүй газраар зам хөндлөн гарах үедээ автомашинд дайруулж, эд эрхтнээрээ хохирсон байна.

Цаашид Монгол, ОХУ-ын хооронд зорчих тээврийн урсгал, хөдөлгөөн нэмэгдэх нь тодорхой байгаа болон халтиргаа гулгаа их хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд Та бүхэн:
1. Тус улсын нутаг дэвсгэрт зорчихдоо суугаа орны зохих хууль тогтоомж, ялангуяа замын хөдөлгөөний дүрэм, журмыг ягштал мөрдөж, анхаарал болгоомж, сонор сэрэмжтэй явах, аль болох шөнийн цагаар хол замд явахаас зайлсхийх, аяллын хугацаан дахь амралтын цагаа зөв зохицуулах;
2. Эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдалд онцгой анхаарах, өвлийн засвар, үйлчилгээгээ бүрэн хийлгэх, аюулгүй байдлын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхад онцгой анхаарахыг сэрэмжлүүлэн мэдэгдэж байна.