МЭДЭЭЛЭЛ
Та бүхний мэдэж байгаачлан нутаг буцах зайлшгүй шаардлагатай хэмээн хүсэлтээ гаргасан иргэд, оюутнуудыг 2020.04.11-ний өдөр Алтанбулаг боомтоор нэвтрүүлсэн билээ. Нийт 282 иргэн улсын хил нэвтэрснээс 118, үүний дотор 111 оюутан Эрхүүгээс явцгааж, бүгд Монгол Улсдаа орсон билээ. Тухайн хугацаанд улсын хилээр нэвтэрсэн оюутнуудаас COVID-19 халдварын тохиолдлууд олноор бүртгэгдсэн талаар ч мэдэж байгаа байх. Нийгэмд олон сөрөг хандлага, бухимдлууд одоо ч гарсаар байна. Эрхүүгээс явсан 118 иргэд, оюутнаас нэгээс нь ч халдвар илрээгүй. Өнөөдрийг хүртэл тэд бүгд тусгаарлах байранд байцгааж, ажиглалтанд хамрагдаад байгаа. Давтан шинжилгээнүүдийг авсаар байгаа бөгөөд вирус илрээгүй байна. Улсын хил дээр Москва, Улаан-Үд зэрэг хотоос явсан оюутнуудтай холилдуулаагүй, 15-15-аар нь зохион байгуулалттайгаар хил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд халдвар тархах, тараах эрсдлийг бидний зүгээс боломжийнхоо хэрээр арилган ажилласан. Үр дүнд нь өнөөдөр Эрхүүгээс очсон гэх тодотголтой иргэд, оюутнуудаас халдвар илрээгүй байгаа гэдгийг дахин онцолъё. Ерөнхий консулын газраас өөрсдийн ажлыг дөвийлгөх гэсэнгүй, харин хүн бүр өөрсдийн үүрэг, хариуцлагаа энэ хүнд, хэцүү үед сайтар ухамсарлан нэгдсэн зохион байгуулалтанд орох нь маш чухал болохыг л анхааруулах, уриалах, зөвлөх гэсэн юм. |