ИРГЭДИЙН АНХААРАЛД
Улсын Онцгой комиссын 2020.03.01-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаагаар түр зогсоогоод байна. Иймд, БНСУ, Япон Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчих иргэд дараах байдлаар явах боломжтой. Үүнд:
1. Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр агаарын замын “Буянт-Ухаа” боомтоор,
2. Эрхүү-Улаанбаатар, Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн 306, Москва – Улаанбаатар чиглэлийн 6 дугаар галт тэргээр төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор,
3. Хувийн автомашин, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслээр авто замын “Алтанбулаг-Хиагт” боомтоор тус тус улсын хил нэвтэрнэ.
БНСУ, Япон Улс, БН Итали Улсаас дамжин ирэх иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглана. Харин дээрх улс орнуудаас ирж байгаа гадаадын иргэдийг түр хугацаанд нэвтрүүлэхгүй болно.
Зарим иргэд, аж ахуйн нэгж ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотоос тусгай автобусаар иргэдийг татан авч байгаа гэх ташаа ойлголттой, буруу мэдээлэл түгээж байгааг залруулахад 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Сөүл-Эрхүү чиглэлийн шууд нислэгээр ирсэн Монгол Улсын 30 гаруй иргэнийг Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос тусгай автобусаар нэгдсэн байдлаар Монгол Улс руу нэвтрүүлсэн нэг удаагийн арга хэмжээг зохион байгуулсан. Түүнчлэн улсын хил дээр, эсвэл хил орчмын нутагт дөхөж ирсэн иргэдийг богино зайнд татан авах арга хэмжээ явуулсан. Цаашид Эрхүү, Улаан-Үд хот орчмоос эх орондоо буцах иргэд авто зам, төмөр замын дээр дурдсан боомтуудаар нэвтэрнэ.