images

Дархан хот Эрхүү мужийн Братск хоттой харилцаа, хамтын ажиллагаа тогтоолоо

Ерөнхий консулын газрын мэдээ

2019-06-05

115

 

ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотын дарга Серебренников Сергей Васильевичаас ирүүлсэн урилгын дагуу Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид 5 дугаар сарын 23-25-ны өдөр Братск хотод ажлын айлчлал хийлээ. Энэ хүрээнд хамтын харилцааг тогтооход хоёр хотын удирдлагуудаас гадна Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консулын газраас ихээхэн дэмжлэг үзүүлсний үр дүнд хоёр хотын хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр Братск хотын дарга хэлсэн үгэндээ: “Анх бид 2019 оны 3 дугаар сард Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий Консулын газарт Монгол Улсын аймаг, хоттой харилцаа тогтоох хүсэлтийг тавьж байсан. Тухайн үед бидэнд Дархан хотын талаар танилцуулсан бөгөөд манай хоттой ижил аж үйлдвэр хөгжсөн гэдэг нь ихээхэн ач холбогдолтой санагдсан. Дархан хотын удирдлагууд ийм хурдан хариу өгч, 2 сарын дотор хамтын ажиллагааны баримт бичиг байгуулж байгаа нь үнэхээрийн төсөөллөөс хурдан байлаа. Бидний цаашдын хамтын ажиллагаа ч энэ хурдаар хөгжинө гэж итгэж байна. Хүсэлтийг маань хүндэтгэлтэйгээр хүлээн авч манай хотод хүрэлцэн ирсэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Братск хот, Дархан хотын удирдлагуудын энэхүү шуурхай байдлаас үлгэр жишээ авч бодит ажлуудыг хурдацтайгаар явуулах болно гэдгээ энэ дашрамд илэрхийлмээр байна” гэжээ.

Братск хотын тухайд хүн амын тоогоор Эрхүү хотын дараа ордог буюу 248 мянган оршин суугчидтай, аж үйлдвэр хөгжсөн томоохон хот аж.
Тус хот нь мужийн үйлдвэрлэж буй аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 20 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд хөнгөн цагааны үйлдвэрлэл нь ОХУ-ын хэмжээнд нийт үйлдвэрлэлийн 30 хувь ба дэлхийн хэмжээнд 3 хувийг эзэлж байна. ОХУ-ын нийт үйлдвэрлэж буй целлюлозын 30 хувийг, усан цахилгаан станцын үйлдвэрлэж буй эрчим хүчний 14 хувийг гаргадаг ажээ.

Эдийн засгийн үндэс нь аж үйлдвэрлэл бөгөөд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 51 хувийг өнгөт металлын үйлдвэрлэл, 22.1 хувийг мод болон бусад боловсруулах үйлдвэрлэл эзэлдэг байна.
Дархан хотын хувьд Братск хоттой харилцан түншлэхэд газар зүйн хувьд ойр, эрхлэх аж ахуйгаараа ойролцоо зэрэг давуу тал олон бий гэдгийг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат онцоллоо.