Улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн болон хориглосон эм, эмийн бэлдмэл, тунгийн талаар Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэл
Монгол Улсын иргэд (мөн гадаадын иргэд хамаарна) хувийн хэрэгцээндээ
зориулан улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн болон хориглосон эм, эмийн
бэлдмэл, тунгийн талаар Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллийг Та
бүхэндээ Зөвлөмж болгон хүргэж байна. Үүнд:
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт
“Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон
хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн хэрэгцээнд зориулан авч яваа
эмийг зорчигчийн хувийн хэрэглээний эм гэнэ”; 227.2-т “Энэ хуулийн 227.1-д
заасан эмийг импортын бараа гэж үзэхгүй ба импортын зөвшөөрөл шаардахгүй”;
227.3-т “Зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд яаралтай тусламж (7 хүртэл хоног)-
ийн эм болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах (чихрийн шижин, хорт
хавдар, сэтгэцийн эмгэг, ДОХ зэрэг) өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эм багтана” гэж
тус тус заажээ.
Мөн хуулийн 227.4-т “дараах төрлийн (үүнд судсаар сэлбэх шингэн,
антибиотик тариа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, цусны бэлдмэл сийвэн
орлох эм, нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл орно) эмийг хувийн
хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглохоор заасныг Та
бүхэн хил нэвтэрч зорчихдоо онцгойлон анхаарна уу.
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалын 1 дүгээр
хавсралаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг улсын хилээр
нэвтрүүлэх журам”-ын 3.2-т “Зорчигчийн аяллын хугацаанд эмчилгээнд хэрэглэх
эмийн тоо, хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр
нэвтрүүлэхээр заасан.
Иймд зорчигчид хувийн хэрэглээний (судсаар сэлбэх шингэн, антибиотик
тариа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, цусны бэлдмэл сийвэн орлох эм,
нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэлээс бусад) эмийг эмнэлгийн
байгууллагын магадлагаагаар тогтоосон тоо, хэмжээний дагуу импортын
зөвшөөрөл шаардахгүйгээр улсын хил нэвтрүүлж болно хэмээн Гаалийн ерөнхий
газраас мэдэгдсэнийг уламжилж байна.
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ