images

ТӨРИЙН ДЭЭД ОДОН ГАРДУУЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-09-24

44

Монгол, Оросын харилцаа болон Монгол Улсын хүүхэд залуучуудын цэрэг-эх оронч хүмүүжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ОХУ-ын баатар, гавьяат нисгэгч, бэлтгэл хурандаа Е.А.Зеленовыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 81 дугаартай зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын баатар, гавьяат нисгэгч, бэлтгэл хурандаа Е.А.Зеленовыг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ЭСЯ-ны төв байранд хүлээн авч уулзан, шагналыг хүндэтгэлтэйгээр гардуулав. Шагнал гардуулах арга хэмжээнд ОХУ-ын Төрийн Думын гишүүн С.Ю.Тен, ЭСЯ-ны зөвлөх С.Энхбат болон албаны бусад хүмүүс оролцлоо.  

Элчин сайд Ө.Энхтүвшин баяр хүргэж хэлсэн үгэндээ энэ жил Зөвлөлт, Монголын дайчдын Халх-голын байлдааны хамтарсан ялалтын 85 жилийн ойг ёс төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь амжилттай хэрэгжсэн гэдгийг онцлон тэмдэглэв.  

ОХУ-ын баатар, гавьяат нисгэгч Е. А. Зеленов нь ОХУ-ын Зэвсэгт хүчинд алба хаах хугацаандаа 1992 онд Афганистаны Кабул дахь Монгол, БНХАУ, БНАСАУ, Индонези зэрэг улсын ЭСЯ-дын дипломат ажилтнуудыг тус хотын бүслэлтээс нүүлгэн шилжүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулсан байна.

Түүнчлэн Халх голын байлдааны ажиллагаа явагдсан газарт “Ой санамж цаг хугацаанаас хүчтэй” нэрийн дор Монгол, Оросын хүүхэд залуучуудын хамтарсан түүхэн аяллыг 5 удаа зохион байгуулж, манай хоёр улсын залуу хойч үеийн дунд цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэргийн дайчин нөхөрлөлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буй эрхэм юм.

Тэрээр 1995, 1999 онуудад ОХУ-ын Төрийн Думын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд өдгөө ОХУ-ын Төрийн Думын гишүүн С.Ю.Тен-ийн туслахаар ажиллаж байна.