images

“Ольхон-2024” олон улсын ойжуулалтын чуулганд оролцов.

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-09-27

53

         

ОХУ-ын Эрхүү мужийн “Ольхон” арал дээр энэ сарын 17-оос 21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Ольхон-2024” олон улсын ойжуулалтын чуулганд ЕКГ-ын төлөөлөл оролцож, мод тарьж Монгол улсын ЕК-ын нэрэмжит ойн төгөлтэй боллоо.

        Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, ой модыг нөхөн сэргээх, цаашлаад иргэд, сайн дурын байгууллага, аж ахуйн нэгжүүд тулгамдаж буй асуудалд гарц шийдэл олох, сайн туршлага солилцох зорилготой энэхүү чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Эрхүү хотын “Дэлхийд амьдрал бэлэглэе” сан, Холбооны улсын төсвийн “Байгаль нуурын нөөц газар” байгууллагууд ажилласан ба энэ удаагийн арга хэмжээнд Монгол, БНХАУ, БНСУ, Казакстан зэрэг орны 200 орчим албаны болон сайн дурын хүн оролцож мод тарив.

          “Дэлхийд амьдрал бэлэглэе” сан нь 2023 онд “Байгаль нуурын ойжуулалт” арав дахь удаагийн арга хэмжээг мөн зохион байгуулсан бөгөөд ОХУ, Монгол, Казахстан, Швейцарь, Энэтхэг зэрэг орны сайн дурынхан оролцож, 3-8 насны нийт 146,750 мод тарьж байжээ.

         Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд МУ-ын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд холбогдох мэдээллийг түгээж, оролцуулах чиглэлээр хамтран ажиллалаа.