images

“Монголын сайхан бичигтэн-2024” олон улсын уралдааны аваргууд тодорлоо.

ҮНДЭСНИЙ БИЧИГ

2025-01-02

101

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн-2024” олон улсын уралдааныг 28 дахь удаагаа амжилттай зохион байгуулж, дүнг эцэслэн гаргалаа.

Өнөө жилийн уралдаанд нийт 8 ангилалд Говьсүмбэр, Баян-Өлгий, Дорноговиос бусад бүх аймаг, нийслэлийн дүүргүүд, ОХУ-ын Буриад Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-оос нийт 1200 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ илгээсэн бөгөөд Хөвсгөл, Увс, Баянхонгор  аймгуудаас хамгийн олон хүн оролцжээ.

Уралдаанд оролцогсдын хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, өдгөө 102 настай Монгол Улсын Гавьяат багш С.Жигмэдсүрэн гуай, мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны иргэн, ахмад настан С.Цэнд-Аюуш, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад настан Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн, ахмад настан Б.Ням-Очир, мөн аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэн, ахмад настан Д.Цэнд-Аюуш нар байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь Монгол Улсын Консерваторын сонгодог хөгжмийн 1А ангийн сурагч О.Ганзаяа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 1А ангийн сурагч М.Бүжинлхам нар болжээ.

Уралдаанд амжилттай оролцсон 20 оролцогчид “Хүмүүн бичиг” сонинг бүтэн жил үнэгүй захиалах эрх олгов.

“Монголын сайхан бичигтэй-2024” олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол 2025 оны нэгдүгээр сарын 22-ны 09:30 цагт “Чингис хаан” үндэсний музейд болно.

Ингээд “Монголын сайхан бичигтэн-2024” олон улсын уралдааны аваргуудын талаарх мэдээллийг хүлээн авна уу.