МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖИЙН “ТУСГААР ТОГТНОЛ” ШҮЛГИЙГ 3333 СУРАГЧ УНШЛАА.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншлаа.
Жил бүрийн 4 дүгээр сарын эхний долоо хоногт хүүхдүүд “Тусгаар тогтнол” шүлгийг уншиж, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг. Уламжлал болсон энэхүү арга хэмжээг анх 2016 онд Нийслэлийн ЕБ-ын "Оюуны ундраа" сургууль санаачлан зохион байгуулж, тус сургуулийн 3333 сурагч Сүхбаатарын талбай дээр уншиж байсан юм. Тэд 9 дэх жилдээ уг шүлгийг уншиж, олны сонорыг мялаалаа. Тус сургуулиас уг үйл ажиллагааг үндэсний хэмжээний хөтөлбөр болгон хөгжүүлж байгаа бөгөөд энэ удаад нийслэлд төдийгүй 21 аймгийн төв талбайд нэг цагт, нэгэн зэрэг уншихаар тус сургуулийн ахлах ангийн сурагчид 21 аймагт очсон байна.
Эх оронч сэтгэлийг бэхжүүлэх, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, өвөг дээдсээ хүндэтгэн, үүх түүхээ мэдэх, судлах сэдлийг хүүхэд багачуудад бий болгох зорилготой “Тусгаар тогтнол” шүлгийг унших арга хэмжээг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төв цэг, төв талбайд зэрэг эхлүүлэв. Мөн Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум, их зохиолчийн өлгий нутаг Монгол Улсын төв цэг Бүрд сумдад зохион байгуулжээ.