СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаа өвчний дамжуулагч шумуул тархсан, эрсдэлт бүс нутагт амьдарч байгаа талаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсээр ирсэн.
Манай улсад өнөөдрийн байдлаар хумхаа өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй ч зарим нэг голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсэж болзошгүй талаар зарим судлаачид тэмдэглэсэн байдаг.
Манай оронд 2009-2024 онд хумхаагийн хүний өвчний 47 тохиолдол, нас баралт 3 бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд нь бүгд хумхаа өвчний голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос улсад сурч, ажиллаж, амьдарч байсан, аялал зугаалгаар зорчсон, Африкын бүс нутгийн Конго, Мали, Нигери, Сьерра-Леоне, Кот-Дивуар, Гана, Өмнөд Судан зэрэг улсад энхийг сахиулах ажиллагаанд болон ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагаанд оролцох үедээ шумуулд хазуулсан өгүүлэмжтэй Монгол улсын иргэд байна. Хумхаагийн хүний өвчлөл 2023 онд огцом өссөн буюу сүүлийн 5 жилийн дундажаас 4.1 дахин өссөн.
Мөн хумхаа өвчний голомтот бүс нутгаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдлууд тасралтгүй нэмэгдэн бүртгэгдсээр байна.
Иймд хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, ялангуяа, халдварын эрсдэлт бүлгийн хүн амд зөвлөгөө, зөвлөмж түгээн урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тул аялагч та бүхэн дараах зөвлөмжтэй сайтар танилцана уу.