images

ОЛОН УЛСЫН УГСААТНЫ СОЁЛЫН “ЁРДОЙН НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-07-07

16

Олон улсын угсаатны соёлын “Ёрдойн наадам” Эрхүү хотноо 2025 оны 07 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд Эрхүү мужийн Усть-Илимск буриадын тойргийн Ольхон дүүргийн Еланцы тосгонд зохион байгуулагдлаа.

Евразийн нүүдэлчин ард түмний эртний энэ баярыг 2001 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө тус наадам нь Байгаль нуур орчмын газар нутгийг өвөг дээдсийнхээ түүхэн өлгий нутаг гэж үздэг буриад, эвенк, тофалар, якут болон Оросын Евразийн орон зайн бусад нүүдэлчдийн соёлыг нэгтгэсэн Эрхүү мужийн угсаатны соёлын брэнд болон хөгжиж, жилээс жилд хүрээгээ тэлэн, оролцогчдийн тоо нэмэгдсээр байна.

Эрхүү мужийн Усть-Илимск буриадын тойргийн Ольхон дүүргийн Еланцы тосгонд Ёрд уулын өвөрт 2 жил тутам зохион байгуулдаг 8 дахь удаагийн энэхүү наадамд ОХУ-ын найман бүс нутгийн төлөөлөгчид, Монгол Улс, БНХАУ-ын нийт 600 гаруй төлөөлөгчид оролцлоо. Эрхүү мужийн Засгийн газраас зохион байгуулсан наадмын нээлтийн үйл ажиллагаанд Эрхүү мужийн захирагч И.И.Кобзев, Эрхүү хотноо суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, ОХУ-ын Төрийн Думын депутат Сардана Авксентьева, Сергей Тен, Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын орлогч дарга К.Р. Алдаров, Бүгд Найрамдах Киргиз Улсын ЭСЯ-ны салбарын төлөөлөгч нарын албаны хүндэт зочид төлөөлөгчид оролцон үг хэлэв. 

Манай улсаас Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын 13 уран бүтээлч тус наадамд амжилттай оролцов.

 

Мөн “Ёрдойн наадам – Евразийн орон зай дахь хамтын нөхөрлөл” чуулга уулзалт болж, мэргэжилтнүүд уламжлалт спорт, ардын урлагийг хадгалах, өвлүүлэн уламжлуулах талаар илтгэл тавин хэлэлцэж, Буриад үндэсний “Хатарха” бүжгийг ОХУ-ын биет бус соёлын өвийн бүртгэлд оруулахыг зөвшөөрчээ.

Наадмын уламжлал ёсоор Ариун дагшин Ёрд уулыг тус наадмын оролцогчид болон үзэгчид гурван мянга шахам хүн тойрон, тойрон бүжиг бүжиглэлээ.