МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 18 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГАНЫ АРГА ХЭМЖЭЭ ЭРХҮҮ ХОТНОО 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 02-04-НЫ ӨДРҮҮДЭД БОЛЖ ӨНГӨРӨВ.
Эрхүү хотноо болсон чуулга уулзалтад Монгол Улсын МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, БНХАУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхмийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сюй Лян, ОХУ-ын ХАҮТ-ын дэд ерөнхийлөгч В.И.Падалко, Санкт-Петербург, Хакас, Тувагийн бүгд найрамдах улс, Алтай, Красноярскийн хязгаар, Ленинград, Свердловск, Челябинск, Рязань, Омск, Новосибирск мужуудийн Худалдаа, аж үйлдвэрийн танхмийн тэргүүнүүд төлөөлөгчдийн хамт оролцлоо. Монголын талаас ҮХАҮТ-ын Олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг, Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга, Эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны газрын дарга Д.Адъяасүрэн нарын албаны хүмүүс оролцов.
Эрхүү мужийн захирагч И.И.Кобзев, МУ-аас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, БНХАУ-аас Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ли Хай нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцон, баяр хүргэж үг хэлэв.
Чуулга уулзалтад Монгол Улсаас нийт 40 гаруй оролцогч, 22 ААН, БНХАУ-ын Өвөрмонгол, Бээжин, Шанхай, Харбин зэрэг газраас 120 гаруй оролцогч, 80 АНН, нийт 500 гаруй зочид төлөөлөгч, оролцогчид цахим худалдааны сүлжээ, эрүүл мэнд, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилга, барилгын материал үйлдвэрлэл, нүүрс, болон хийн бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбаруудын хүрээнд салбар хэлэлцүүлэг болон ганцаарчилсан B2B уулзалтууд болов. Чуулганы төгсгөлд 3 улсын компаниуд хооронд тодорхой чиглэлээр олон гэрээ контрактууд зурагдав.
Монгол Улс, ОХУ-ын аж ахуйн нэгжүүдийн хооронд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэд хэдэн гэрээ хэлэлцээр хийгдэв.
Үүнд:
- Монгол Улсад фермийн малын тэжээл үйлдвэрлэх
- Сибирийн шар буурцаг болон түүний үрийг тарьж ургуулах технологийг нэвтрүүлэх,
- Улаан буудайн үр тариа тариалах технологийг нэвтрүүлэх зэрэг 3 гэрээний дөрвөн талт баримт бичигт гарын үсэг зурав.
МҮХАҮТ, ОХУ-ын Рязань мужийн ХАҮТ-тай худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчид, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулав.
Эрхүү мужийн засгийн газар, "Вератек" хувьцаат компанийн хооронд бохир ус цэвэрлэх байгууламж барих төслүүдийг хэрэгжүүлэх, Ангара мужийн Ольхон бүсийн усан хангамж, ариутгах татуургын системийг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар, "Оросын уул уурхайн үйлдвэрлэгчид" арилжааны бус түншлэлийн нийгэмлэгтэй тус тус гэрээ байгуулав.