images

"БАЙГАЛЬ НУУРЫН ЭКОСИСТЕМ-2025" ОЛОН УЛСЫН ОЙН УУР АМЬСГАЛЫН ФОРУМ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-09-19

9

"Байгаль нуурын экосистем-2025" олон улсын ойн уур амьсгалын форум Эрхүү мужийн Их Голоустное тосгоны “Азатай” амралтын цогцолборт 2025 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр зохион байгуулагдав. Форумын хөтөлбөрийн хүрээнд Монгол, Хятад, Кыргызстан Улсын Ерөнхий консулын газрын төлөөлөл болон орон нутгийн удирдлага, сурагчид Их Голоустное тосгоны сургуулийн ойролцоо хуш, нарс, мөнгөн улиас бүхий 75 ширхэг модны суулгацыг олон улсын төгөлд тарив. Мөн 2019 онд ойн түймэрт өртсөн газар нутагт ой сэргээлтийн ажлын хүрээнд 150 орчим хүн 4.5 гаруй гектар талбайд төрөл бүрийн мод суулгав.

Эрхүү мужийн Засгийн газар, бизнес, шинжлэх ухаан, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид уур амьсгалын төслүүд хэрэгжүүлэх, биологийн олон төрлийн тогтвортой байдал, "ногоон" технологийн хөгжлийн тухай хэлэлцжээ. Эрхүү мужийн губернатор Игорь Кобзев энэ форум нь Байгаль нуурыг хамгаалахад чиглэсэн тодорхой шийдлүүдийг боловсруулахад үр дүнтэй ажил байх болно гэдэгт итгэлтэй байна гэж онцлон тэмдэглэв.

"Байгаль нуурын экосистем-2025" форумыг “Эх дэлхийд амьдрал бэлэглье” хүмүүнлэгийн сангаас Эрхүү мужийн засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Нийт 300 төлөөлөгчид оролцсоноос 23 нь ОХУ-ын орон нутгаас, бусад нь БРИКС орны төлөөлөгчид оролцов.