"МОНГОЛ-ОРОС: ТҮҮХЭН ТУРШЛАГА, ОРЧИН ЦАГ БОЛОН ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА" СЭДЭВТ ШИНЖЛЭХ УХААНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
Эрхүү хотын Байгалийн улсын их сургуульд 2025 оны 09 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд "Монгол-Орос: Түүхэн туршлага, орчин цаг болон ирээдүйн чиг хандлага" сэдэвт Шинжлэх ухаан, онол практикийн олон улсын хурал зохион байгуулагдав. Тус хуралд Монголын талаас Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, түүхч академич, Төрийн шагналт О.Батсайхан, түүхийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Ж. Урангуа, “Улаанбаатар эрдэм” Их сургуулийн тэргүүн дэд захирал, доктор, профессор Д. Алимаа, Оросын талаас Монгол судлаач, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ю.В. Кузьмин, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Е.И. Лиштованный, Эрхүү хот дахь Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дэд дарга А.С. Просекин, Байгалийн их сургуулийн шинжлэх ухаан, олон улсын үйл ажиллагаа хариуцсан проректор, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор В.В. Синиченко болон Москва, Санкт-Петербург, Владивосток, Новосибирск, Казань, Улаан-Үд, Якутск, Красноярск, Чита, Эрхүү болон бусад хотуудын дорно дахины судлаачид оролцож, илтгэл тавив.
Хурлын нээлтэд Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Эрхүү мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдүгээр орлогч дарга, Эрхүү хот дахь Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дарга К.Р. Алдаров, Байгалийн улсын их сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч Е.И. Фойгель нар оролцон баяр хүргэв.
Эрхүү хотод 1725 онд Нэгдүгээр Петр Хааны зарлигаар байгуулсан “Мунгальская школа” буюу “Монгол сургууль” бий болсны 300 жилийн ойн хүрээнд тус хурлыг зохион байгуулсан бөгөөд хурлаар 18 дугаар зууны эхний хагас дахь Эрхүү хотын боловсролын тогтолцооны хөгжил, Монгол, Оросын эдийн засаг, улс төр, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааны үүсэл хөгжлийг түүхийн шинжлэх ухаан болон орчин үеийн нөхцөл байдал талаас нь нарийвчлан хэлэлцэв.
![]() |
![]() |
![]() |