images

ОХУ-ЫН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР МОНГОЛЧ ЭРДЭМТЭН Н.О ШАРАКШИНОВАГИЙН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-10-31

19

Эрхүүгийн их сургуулийн хэл шинжлэлийн ухааны доктор, профессор монголч эрдэмтэн, монгол буриадын аман зохиол судлаач Шаракшинова Надежда Осиповнагийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрхүүгийн их сургуульд болов.

Н.О Шарашкинова нь 1915 оны 09 дүгээр сарын 30-нд ОХУ-ын Эрхүү мужийн Уст-Ордын Буриадын тойргийн Бохан дүүрэг дахь Кударинск хэмээх тосгонд төржээ. Тэрээр буриад гаралтай бөгөөд насан туршдаа буриад, монголын ард түмний аман зохиол, соёл, хэл судлалын чиглэлээр өөрийгөө бүрэн зориулсан нэрт эрдэмтэн байв.

Тэрээр 1937 онд Буриадын Багшийн дээд сургууль, 1945-1949 онд тэр үеийн Зөвлөлтийн ШУА-ын Дорно дахины судлалын хүрээлэнд аспирантур төгссөн. 1950-2000 он хүртэл Эрхүүгийн Их сургуульд профессороор ажиллаж байхдаа буриад хэл, монгол үндэсний бичиг, ардын аман зохиолын хичээл зааж байв.

Монгол ардын аман зохиол тухайлбал “Гэсэр” баатарлаг туульсын судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд түүний судалгааны ажил монгол судлалын хөгжлийн нэг чухал хэсэг болсон.

Н.О Шаракшинова буриад, монголын ардын аман зохиол, хэл, соёлын гүнзгий судлаач байсан бөгөөд түүний бүтээлүүд монгол-оросын соёл, эрдэм шинжилгээний харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

1952-1995 онд тэр үеийн “Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэг”-ийн идэвхтэй гишүүн, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд Монгол Улсад хэдэнтэй айлчилж, Монголын Шинжлэх ухааны академийн эрдэмтэдтэй хамтран олон тооны судалгаа хийж байсан.

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Эрхүү мужийн Уст-Ордын Буриадын тойргийн захиргааны дарга Прокопьев Анатолий Андрианович, Эрхүү дэх ЕКГ-ын дэд консул Ж.Хажидсүрэн болон МУИС-ын доктор профессор С.Хөвсгөл, ахлах багш П.Яньдий, багш Б.Бүжинлхам нар оролцов.

Уг эрдэм шинжилгээний хурлыг Эрхүүгийн их сургуулийн Буриад хэл судлалын танхимаас зохион байгуулав.