images

“САНСАР ОГТОРГУЙ МӨРӨӨДЛӨӨС ЭХЭЛДЭГ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-04-10

2436

Дэлхийн анхны сансрын нисгэгч, Зөвлөлт Холбоот Улсын баатар Ю.А.Гагарины сансарт ниссэний 65 жил, Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Союз-39” хөлөг сансарт ниссэний 45 жилийн ойг тохиолдуулан “Сансар огторгуй мөрөөдлөөс эхэлдэг” үзэсгэлэн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сибирийн судлаач А.Сибиряковын нэрэмжит Эрхүү хотын түүхийн музейд нээлтээ хийв.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Эрхүү мужийн Засгийн газрын орлогч дарга А.В.Южаков тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов.

Эрхүү мужийн Улсын архив, ОХУ-ын Шинжлэх ухаан, техникийн баримт бичгийн улсын архив (Москва хот), Монгол Улсын Үндэсний төв архив, Эрхүү, Черемхово хотын архивууд болон Юрий Гагарины нэрэмжит Эрхүүгийн 21-р дунд сургуулийн музей хамтран гаргаж буй уг үзэсгэлэнд Сансар судлалын салбарын ховор үзмэрүүд дэлгэгдэж олон нийтийн хүртээл болж байна.