images

“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭВ”

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-05-18

198

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар санаачлан Эрхүүгийн Монгол оюутны холбоо, Эрхүү мужийн Буриадын соёлын төвийн дэргэдэх “Хараацай” монгол бичгийн студи хамтран 2026 оны 05 сарын 15-ны өдөр Байгалын Улсын их сургуулийн “Художественный театр”-т “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэж, бийрийн бичлэгийн мастер класс зохион байгуулав. Үндэсний бичиг үсгийн баярыг зохион байгуулахад Монгол Улсын Үндэсний номын сан, Монцамэ агентлаг, Монгол бичгийн нийгэмлэг дэмжиж хамтран ажиллав.

Баярын арга хэмжээг Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Байгалын Улсын их сургуулийн Судалгаа, олон улсын харилцаа эрхэлсэн дэд захирал, проректор Санина Людмила Валерьевна, “Хараацай” монгол бичгийн студийн ахмад багш Загдаева  Любовь Барасавна нар нээж үг хэлэв.

 

Энэ үеэр “Хараацай” монгол бичгийн студийн суралцагсад уран бичлэгийн үзэсгэлэнг дэлгэж, нийт 60 орчим хүн оролцсоноос мастер класст 30 хүн хамрагдав. Уран бичлэгийн үзэсгэлэн “Художественный театр”-т 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

“Хараацай” монгол бичгийн студийн багш Лубсанова РинчинХанда Банзаракшаевна бийрийн бичлэгийн анхан шатны мэдэгдэхүүнийг зааж, “Мөнх тэнгэрийн босоо бичиг үеийн үед мөнхрөх болтугай” хэмээн бийрээр бичиж, мастер класс үзүүлэв.

Ерөнхий консул Б.Ичинхорлоо, “Хараацай” дугуйлангийн ахмад багш Загдаева Любовь Барасовна, Эрхүүгийн Монгол оюутны холбооны тэргүүн В.Тэмүүжин нар мастер класст суралцагсдад “Талархал”, гарын бэлгийг гардуулсан бөгөөд энэ үеэр “Хараацай” монгол бичгийн студийн багш Лубсанова Ринчинхандад Монгол Улсын Боловсролын яам, Монголын Бурханы Шашинтны төв-Гандантэгчлэн хийд, Монгол бичгийн нийгэмлэгээс Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Монгол туургатны миний монгол бичиг” олон улсын Х уралдааны тусгай байрын шагналыг гардуулав.