“НАЙРАМДЛЫН СИМФОНИ” ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ТОГЛОЛТ ЭРХҮҮ ХОТЫН ФИЛАРМОНИД БОЛОВ.
Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Консерватор болон ОХУ-ын Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн Коллежийн оюутан сурагчдын хамтарсан “Найрамдлын симфони” тоглолт Эрхүү хотын филармонид 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр болов.
Монгол Улсын Консерваторын 12 сурагч Эрхүү хотноо хүрэлцэн ирж, Эрхүү хотын Ф.Шопений нэрэмжит Хөгжмийн Коллежийн залуустай нэгэн оркестр болж тоглосон бөгөөд уг тоглолтыг Монголын УДБЭТ-ын удирдаач Түвшинтөгсийн Юндэн удирдаж, Ф.Шуберт, Ж.Бизе, П.И.Чайковскийн бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолч Б.Шаравын симфони-увертюрыг эгшиглүүлэв.
Энэхүү “Найрамдлын симфони” олон улсын хөгжмийн урлагийн төсөл, томоохон тоглолтууд нь 2012 оноос эхлэн хоёр жил тутамд нэг удаа амжилттай зохион байгуулагдаж ирсэн билээ.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Б.Ичинхорлоо, Эрхүү мужийн Засгийн газрын орлогч дарга А.В.Южаков, Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын депутатын ёс зүй, мэдээллийн бодлогын хорооны дарга Г.Ф.Кудрявцева, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн А.А.Котельников, Эрхүү мужийн Соёлын сайд О.Н.Полунина нар мэндчилгээ дэвшүүлэв. Филармонийн заал дүүрэн үзэгчид үргэлжилсэн алга ташилтаар тоглолтыг өндөрлүүлэв.
