images

МОНГОЛ УЛСЫН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “МОНГОЛ УЛС БОЛОН ОХУ: ТҮҮХ, ДИПЛОМАТ ХАРИЛЦАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-05-28

41

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Монгол Улс болон ОХУ: түүх, дипломат харилцаа, эдийн засаг, шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Эрхүү хотын Байгалын Улсын Их сургуульд болов.

“Орос Монголын харилцаа цаг хугацааны шалгуураар шалгагдсан, аугаа их Эх орны дайны үед Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсад тусламж үзүүлсэн анхны орнуудын нэг байсан. Өнөөдөр бидний нийтлэг зорилго бол шинэ чиглэл тодорхойлох явдал бөгөөд бидний зорилго бол харилцаа холбооны тавцан бий болгох, шинжлэх ухаан, соёлын төслүүдийн солилцоог бий болгох явдал юм. Ингэснээр Монголын залуучууд орос хэл сурахад таатай боломж бүрдэнэ” гэж Байгалын Улсын Их сургуулийн ректор О.П.Грибунов онцлон тэмдэглэв.

 

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо Олон улсын харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Байгалын Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны хэлтсийн дарга Е.В.Тихоновад Монгол Улсын “Найрамдлын Алтан од” медалийг, Байгалын Улсын Их сургуулийн ректор О.П.Грибунов оюутан Б.Билгүүнд Ю.Цэдэнбалын нэрэмжит тэтгэлгийн дипломыг тус тус гардуулан өгөв.

 

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын дурсгалд зориулсан “Дурсгалын самбар”-ыг Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Байгалын Улсын Их сургуулийн ректор О.П. Грибунов нар нээснээр нэгдсэн хуралдаан өндөрлөв.

 

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, дэд консул Ж.Хажидсүрэн, Эрхүү хотын Эдийн засаг хөгжлийн сайд В.Ю.Цишковский, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн А.А.Котельников, Эрхүү хотын анх нөхдийн нийгэмлэгийн тэргүүн В.В.Барышников, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, гавьяат хуульч Г.Арсланбаяр, Жуковын музейн захирал дэд хурандаа Д.Амарсайхан, Этүгэн их сургуулийн Эдийн засаг менежментийн тэнхимийн эрхлэгч О.Цэрэнбазар, тус сургуулийн доктор Н.Отгонбаяр, доктор Г.Өлзийбаяр, дэд профессор Н.Мөнхбаатар, Дархан хотын Политехникийн сургуулийн дэргэдэх судалгааны төвийн тэргүүн С.Хаш-Эрдэнэ болон Эрхүүгийн их, дээд сургуулийн тэргүүлэх эрдэмтэд, 37 доктор, 43 дэд доктор, оюутнууд зэрэг 27 байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцов.