images

АНГАРСК ХОТЫН 75 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-06-02

31

ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хот үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдав.

Ангарск хотын 75 жилийн ойн арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, дэд консул Б.Батмөнх, Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Говьсүмбэр аймгийн Чойр хотын ажлын албаны дарга А.Алтаншагай нар оролцож, зочид төлөөлөгчдөд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. Тус ойн арга хэмжээний үеэр Говьсүмбэр аймгийн төлөөлөгчид Ангарск хотын тойргийн захиргааны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.В.Кобозоватай шинжлэх ухаан, соёл, боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ангарск хот нь 1951 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-ын аж үйлдвэржилт хөгжсөн томоохон бүс нутгуудын нэг юм. Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр, Ангарскийн электролизийн химийн комбинат, Ангарскийн полимерын үйлдвэр, Ангарскийн азот-бордооны үйлдвэр, Ангарскийн цементийн үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрүүдтэй. Эдгээрээс Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр нь тус хотын хамгийн томд тооцогдох үйлдвэр бөгөөд автомашины шатахуун, дизель түлш, тийрэлтэт хөдөлгүүрийн түлш, тос тосолгооны материал, битум, кокс зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Монгол Улс нийт шатахууныхаа 90 гаруй хувийг Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс хангадаг бөгөөд АИ-92, АИ-95, дизель түлш, агаарын хөлгийн түлш зэргийг импортолдог байна.