БАЙГАЛИЙН УУР АМЬСГАЛЫН ФОРУМ ЭРХҮҮ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Эрхүү хотноо 2026 оны 06 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Оросын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн Салбар дахь В.Б. Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэнд “Байгалийн уур амьсгалын форум” Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн 13 дугаар чуулга уулзалт зохион байгуулагдав.
Тус форумд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор С.Дэмбэрэл, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн астропаркийн дарга, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, БНМАУ, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор, доцент Б.Бат-Орших, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, дэд консул Б.Батмөнх нар оролцов.
Уг форумын хүрээнд “Экосистемд гаднын нөлөөлөл өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихад тулгамдсан асуудлууд,”, “Байгалийн бүс нутагт ОХУ-ын Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийг хэрэгжүүлэх туршлага” шинжлэх ухаан, арга зүйн семинар, “Байгалийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраахад тулгамдсан асуудлууд, ойн болон суурин газрыг байгалийн гал түймрээс хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд прокурорын хяналт тавих туршлага”, “Тусгай хамгаалалттай байгалийн нутаг дэвсгэрүүдэд хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд прокурорын хяналтыг тавих, хэрэгжүүлэх практик”, “Амьтны аймгийн объектуудыг ашиглах, хамгаалах нь: онол, практикийн асуудлууд”, Бүх Оросын оюутны эрдэм шинжилгээний хурал “Байгаль орчны хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх асуудлууд” зэрэг сэдвүүдээр онол практикийн хурал болов.
“Байгалийн уур амьсгалын форум”-ын зорилго нь байгаль орчныг хамгаалах, уг асуудлаар олон нийтийг соён гэгээрүүлэх, боловсрол олгох гэх мэт асуудлуудыг хэлэлцэхэд оршдог бөгөөд энэ удаагийн форумд прокурор, шүүхийн байгууллагууд, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг төрийн байгууллагууд зэрэг нийт 250 гаруй төлөөлөл оролцов.
