ЭРХҮҮ ХОТНОО “БАЙГАЛЫН ОЛОН УЛСЫН ТҮНШЛЭЛИЙН VII ФОРУМ” БОЛОВ.
2026 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Эрхүү хотноо “Байгалын олон улсын түншлэлийн VII форум”-ыг ОХУ-ын Зүүн Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Эрхүү мужийн Засгийн газар хамтран зохион байгуулав. Энэ жилийн форумд Монгол, Орос, Хятад, Беларусь, Пакистан болон бусад орноос төлөөлөгчид оролцлоо.

Форумын үйл ажиллагаа Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Цайны зам-2026” авто раллид оролцогчдын уулзалтаар эхэлсэн бөгөөд гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын 9 дүгээр уулзалтаар “Цайны замын брэнд авто аялал”-ыг албан ёсоор эхлүүлэх шийдвэрийг гаргасан. Энэхүү авто раллиг Монгол Улсын “Marco Polo Tour” ХХК (захирал Н.Гансүх) болон “AKU Game World” ХХК (захирал Ж.Ганзориг) хамтран ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа.
![]() |
![]() |
“Цайны зам-2026” авто раллид гурван улсын 14 баг оролцсон бөгөөд аялал БНХАУ-ын Эрээн хотоос гараагаа эхлэн Монгол Улсын түүхэн Цайны зам дагуух таван аймгийн нутаг дэвсгэрээр аялж, ОХУ-ын Байгаль нуур орчмын бүс нутгаар дамжин нийт 3,400 гаруй километр замыг туулсан байна. Оролцогчид Монгол, Хятад, Орос гурван улсын түүх, соёл, байгалийн өвөрмөц тогтоц, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулав.

Цаашид зохион байгуулагч талууд “Цайны зам” аяллын брэндийг олон улсын түвшинд хөгжүүлж, гурван улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилт тавин ажиллаж байна.

