“БАЙГАЛЫН ОЛОН УЛСЫН ТҮНШЛЭЛИЙН VII ФОРУМ”-ЫН НЭГДСЭН ХУРАЛДААН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
"Их цайны замын боломж: Түүхэн худалдааны коридор ба орчин үеийн бизнесийн бодит байдал" сэдэвт Байгалын олон улсын түншлэлийн VII форумын нэгдсэн хуралдаанд ОХУ-ын Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев, Зүүн Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Алексей Соболь, Оросын Шинжлэх ухааны академийн Хятад ба орчин үеийн Азийн хүрээлэнгийн захирал Кирилл Бабаев, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, БНХАУ-аас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Лю Юй болон бусад хүмүүс үг хэлэв.

Нэгдсэн хуралдааныг нээж Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев хэлэхдээ, "Өнөөдөр бид Эрхүү муж болон Орос улстай хэдэн арван жилийн турш хамтран ажиллаж ирсэн түншүүдийн бас нэгэн форумыг нээж байна. Бүс нутгийн засгийн газар гадаад эдийн засгийн үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг. Бидний зорилго бол цаашид хамтын ажиллагаа өрнүүлэх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Энэхүү форум нь манай улсуудын хоорондын худалдаа, үйлдвэрлэлийн хөгжилд шинэ түлхэц болно гэдэгт би итгэлтэй байна" гэв.
Ерөнхий консул Б.Ичинхорлоо хэлсэн үгэндээ: Цайны их зам нь Монгол, Орос, Хятадын эдийн засаг, соёл, аялал жуулчлалын түншлэлийг шинэ түвшинд гаргах хөгжлийн асар их боломж бүхий түүхэн коридор юм гээд нийтлэг эрх ашиг, түүхэн уламжлалд тулгуурлан Монгол Улс “Цайны их зам”-ын геополитик, бизнес, ложистикийн сүлжээнд хэрхэн оролцох, хэрхэн түүнийг үр дүнтэй ашиглах боломжийн талаар онцлов.

![]() |
![]() |
Бүс нутгийн үйлдвэрлэгчдийн экспортыг олон улсын зах зээлд хөгжүүлэх, жижиглэн худалдааны сүлжээнүүдийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа нэгдсэн хуралдааны үеэр болов. Форумд Монголын талаас нийт 26 аж ахуйн нэгж, байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцов.
![]() |
![]() |
"Хил хязгааргүй худалдаа. Монгол Улс болон Европын Холбооны гишүүн орнуудын хоорондох чөлөөт худалдааны бүсийн боломж" хэлэлцүүлгийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зөвлөх Э.Оюунтэгш удирдан явуулсан бөгөөд Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын Татвар, орлогын газрын дарга Н.Цолмон “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр” сэдэвт илтгэл тавив. Мөн “Алтан булаг” чөлөөт бүсийн талаар танилцуулга хийв.

Тус Ерөнхий консулын газар санаачилан ОХУ-ын томоохон жижиглэн худалдааны сүлжээ “Х5 групп”-ын Засгийн газартай харилцах асуудал хариуцсан дэд захирал Андрей Дрякин тэргүүтэй тус группын төлөөлөгчид Монгол Улсын Грийн групп, Хушхан ХХК-ны төлөөлөгчидтэй хийх уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад Грийн группын гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл, экспорт хариуцсан дэд захирал Б.Хулан нар оролцож Талын Монгол брэндээ, Хушхан ХХК-ны экпорт хариуцсан менежер Ц.Хулан, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Баваасан нар “Хушхан” брэндээ танилцуулав.
Талууд харилцан ашигтай, хамтын ажиллагаа эхлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, Х5 группын төлөөллийн сонирхлыг ихэд татсан уулзалт амжилттай болж өндөрлөв.



