images

“ЦАЙНЫ ЗАМ”-Н ОЛОН УЛСЫН ТҮНШЛЭЛИЙН ФОРУМД ТАЛЫН МОНГОЛ БРЭНД ОРОЛЦОЖ, АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЛЭЭ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-08-31

9

Түүхэн “Цайны зам”-н эдийн засгийн коридорын хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “VII Байгаль нуурын Олон улсын түншлэлийн форум” 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус форумыг ОХУ-н Эрхүү мужийн Засгийн газар, Дорнод Сибирийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол, Орос, Хятад, Беларусь, Пакистан улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Форумд үндэсний брэнд бүтээгч Грийн группийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл оролцож, “Талын Монгол” брэндийг Евро-Азийн зах зээлд танилцуулан, экспортын чиглэлээр амжилттай хэлэлцээрүүд хийсэн юм.

Форумын хүрээнд түүхэн “Цайны зам” дагуу оршдог улс орнуудын хооронд бизнесийн шинэ түншлэл бий болгох, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг онцлон хэлэлцэв.

Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ) хооронд 2026 оны 7 дугаар сарын 22-с хүчин төгөлдөр болсон Худалдааны түр хэлэлцээр нь Монголын үйлдвэрлэгч, экспортлогчдод Евразийн зах зээлд нэвтрэх шинэ боломжийг бий болгов.

Энэ хүрээнд “Талын Монгол” брэнд нь Евро-Азийн бүс нутгийн худалдааны сүлжээ, үйлдвэрлэгч, импортлогч, дистрибьютерүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үндэсний брэндийг бүс нутгийн зах зээлд хүргэх боломжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.