images

"БААТРУУДЫН ГАВЬЯАГ НЭР ТӨРТЭЙ ЗАЛГАМЖЛАЯ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-10-07

11

Ангарск хотын захиргааны дэмжлэгтэйгээр Эрхүүгийн “Монголын анд нөхөд” нийгэмлэгээс Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Баатруудын гавьяаг нэр төртэй залгамжлая” арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр  Ангарск хотын “Энх тайвны тагтаанууд” дурсгалын цогцолборт зохион байгуулав.

Ангарск хотын цэргийн сургуулийн сонсогчид болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ахмад дайчид, нутгийн удирдлагууд болон ард иргэд Ангарск хотын Ялалтын музейн төв талбайд цугларч, “Аугаа эх орны дайны баатруудын алдар суу” хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Түүхэн ой санамжийг хадгалж, Монгол, Оросын хамтын түүхийг залуу хойч үед таниулахын зэрэгцээ хоёр орны ард түмний найрамдал, үе үеийнхний залгамж холбоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буй энэхүү арга хэмжээний хүрээнд Аугаа их эх орны дайны жилүүдэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Зөвлөлт Холбоот Улсад үзүүлсэн өргөн хүрээний тусламжийн талаар Ангарск хотын сурагчдад танилцуулж, “Мөр зэрэгцэн, нэгэн эгнээнд” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулав.

Тус арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн А.А.Котельников, Эрхүү хотын хууль тогтоох байгууллагын нэгдүгээр орлогч К.Р.Алдаров, тус ЕКГ-ын дэд консул Б.Батмөнх, дэд консул Ж.Хажидсүрэн, Ангарск хотын захирагчийн орлогч дарга М.Сасина, Эрхүүгийн “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн гишүүд болон албаны бусад хүмүүс оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ Эрхүү хотод сурч буй монгол оюутнууд ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү арга хэмжээг Ангарск хотод зохион байгуулсан нь учиртай. Тус хот нь Монголтой найрамдалт харилцааны өөрийн гэсэн түүхтэй бөгөөд Монгол Улсын Говь-Сүмбэр аймгийн Чойр хоттой ах дүү хотын харилцаатай юм.

Түүнчлэн Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын төлөөлөл Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн харьяа ерөнхий боловсролын Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуультай хамтын ажиллагаатай Ангарск хотын 6-р сургуулийн удирдлагатай уулзаж, сургуулийн үйл ажиллагаатай танилцав.