ШИНЖЭЭЧДИЙН БОЛОН АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЭРХҮҮ ХОТНОО БОЛЛОО.
"Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгал нуур болон Сэлэнгэ мөрөнд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх” судалгааны төслийн Шинжээчдийн болон Ажлын хэсгүүдийн хамтарсан уулзалт ОХУ-ын Эрхүү мужийн Листвянка тосгоны “Крестовая падь” цогцолборт энэ оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болов.
Уулзалтаар “Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх” хоёр талын шинжээчдийн болон ажлын хэсгүүдийн дүгнэлтүүдийг эцэслэн хэлэлцэж, нэгдсэн тайлангийн төслийг батлав.

Нэгдсэн тайлангийн төсөлд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Монгол-Оросын хамтарсан шинжээчдийн багийн Монголын хэсгийн ахлагч, академич С.Дэмбэрэл, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, Монгол-Оросын хамтарсан шинжээчдийн багийн Оросын хэсгийн ахлагч, академич И.В.Бычков нар гарын үсэг зурав.
![]() |
![]() |
Энэхүү тайланг 12 дугаар сард болох Монгол, Оросын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын хуралдаанд танилцуулна.
Эрхүү хотноо болсон энэхүү уулзалтанд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ-ын консул Г.Баасан-Очир, дэд консул Б.Батмөнх нар оролцож, Монгол-Оросын хамтарсан шинжээчдийн багийн Монголын хэсгийн төлөөлөгчдийг Ерөнхий консулын газарт хүлээн авч уулзав.


