images

ОХУ-ЫН КРАСНОЯРСК ХОТОД МОНГОЛ КИНОНЫ НААДАМ БОЛНО

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-11-04

5

ОХУ-ын Красноярск хотын захиргааны төлөөлөл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчлав. Тус айлчлал нь Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан болж өнгөрсөн бөгөөд ах дүүс хотод болсон талуудын хэлэлцээр нь хамтын ажиллагааны шинэ гарцыг нээсний сацуу талууд ойрын хоёр жилийн хугацаанд боловсрол, соёлын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.

Айлчлалын үеэр төлөөлөгчид Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулиар зочилсон бөгөөд зочдыг талх, дуун мэндчилгээгээр халуун дотноор угтан авав. Энэхүү уулзалт өмнө нь эхлүүлсэн танилцах арга хэмжээний үргэлжлэл болсон бөгөөд энэ оны зургадугаар сард тус сургуулийн сурагч, багш нар Красноярск хотод зохион байгуулагдсан Орос хэлний зуны сургалтад хамрагдсан. Монголын багш нар цаашид шууд харилцаа холбоо тогтоох, туршлага солилцох, соёлын уламжлалыг судлах, харилцан айлчлал зохион байгуулах үүднээс Красноярск хотын холбогдох боловсролын байгууллагатай холбож өгөхийг хүсжээ.

Түүнчлэн төлөөлөгчид Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олон улсын соёлын төслүүдээ танилцуулж, тус арга хэмжээнүүдэд оролцохыг урив. Төлөөлөгчид Монголын талд "Халхын гол – Ялалтын түлхүүр!"уран сайхны цомгийг гардуулан өгсөн бөгөөд уг цомог нь Монгол, Зөвлөлтийн цэргүүд милитарист Японыг ялсны 85 жилийн ойд зориулагджээ. Хоёр орны зураачид, уран барималчид болон гэрэл зурагчид хоёр жилийн турш Халхын голын тулалдаан болсон газарт пленэр буюу байгалийн бодит гэрэл, задгай талбайд ажилласан бөгөөд үүний үр дүнд тус бүтээл өвөрмөц онцлоготой болжээ. Цомгийг өмнө нь Москва хотод танилцуулсан бөгөөд Улаанбаатар хотод энэ оны 11 дүгээр сард танилцуулахаар төлөвлөж байна.

Төлөөлөгчид Нийслэлийн Ерөнхий боловсролын "Монгени" сургуулиар зочилсон бөгөөд тус сургууль нь ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөс гадна боловсролын нэмэлт өргөн хүрээний хөтөлбөрийг санал болгодог сургалтын цогцолбор юм. Монголын тал Эрхүү мужийн В.И.Суриковын нэрэмжит Хүүхдийн урлагийн №1 сургуультай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн бөгөөд үүний эхний алхам нь ирэх 2027 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах явдал болно. Уг санамж бичигт хамтарсан пленэр зохион байгуулах, сурагч, багш солилцох, үзэсгэлэн гаргах зэрэг ажлуудыг тусгажээ.

Бусад хамтарсан төслүүд дээр мөн тохиролцов. Тухайлбал, "Монгол кино" нэгтгэлтэй 2027 онд Монгол кино наадам зохион байгуулах талаар санал солилцсон бөгөөд уг арга хэмжээг ОХУ-ын Улаан-Үд болон Красноярск хотуудад зохион байгуулахаар төлөвлөж байна. Монголын Урчуудын Эвлэлтэй харилцан үзэсгэлэн гаргахаар шийдвэрлэж, ирэх жил буюу 2027 онд монголын уран бүтээлчдийн бүтээлийг Красноярск хотод толилуулж, 2028 онд оросын уран бүтээлчид Красноярск хот үүсэн байгуулагдсаны 400 жилийн ойн хүрээнд Красноярск хотын тухай зургийн үзэсгэлэнг Монгол Улсад толилуулна.

Энэхүү айлчлалын хамгийн тод үйл явдлын нэг нь Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн (РЦНК) 50 жилийн ойд зориулсан баярын тэмдэглэлт үдэш байсан бөгөөд тайзнаа Оросын хилийн чанад дахь төлөөлөгчийн газрын хамтлагууд, Красноярскийн үлээвэр найрал хөгжим, Монголын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучид тоглолтоо сонирхуулсан. Тоглолт маш амжилттай болж өндөрлөв.

«Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн ойн баярт урьсан явдал нь бидэнд монголын олон байгууллагуудтай холбоо тогтоох боломжийг олгосон. Монгол хамт олныхоо Красноярск хоттой хамтран ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байгааг бид олж харлаа. Бидний хамтын соёл, боловсролын төслүүд 2027-2028 онуудад бодит ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна» хэмээн Красноярск хотын захиргааны Соёлын ерөнхий газрын дарга Любовь Сахарова онцлон тэмдэглэв.